Нийтлэлүүд

Skin purging буюу aрьс цэвэрлэгдэх үйл явц гэж юу вэ?⁣

Админ2025 оны 07 сарын 28

Skin Purging гэж юу вэ?


Skin purging буюу aрьс цэвэрлэгдэх үйл явц нь арьс арчилгааны зарим бүтээгдэхүүн (ретинол, AHA, BHA гэх мэт) хэрэглэснээр арьсны гүнд хуримтлагдсан бохирдол, үхэжсэн эсүүд хурдацтай гадаргуу руу гарч ирэх үйл явц юм. Энэ нь таны арьс улам дордож байна гэсэн үг биш бөгөөд харин арьс цэвэрлэгдэн, шинэчлэгдэж байгаагийн шинж юм. Энэ нь ихэвчлэн 4-6 долоо хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацааны дараа арьс илүү толигор, эрүүл болдог.


Арьс цэвэрлэгдэх (purging) болон батгашилт (breakout)-ын ялгаа юу вэ?

-Арьс цэвэрлэгдэх үйл явц: Бүтээгдэхүүний үйлчлэлээр түр зуурын хугацаанд өмнө нь батга гардаг байсан хэсэг, мөөгөнцрийн батга буюу шахагдахгүй, толгойгүй батга байсан хэсэгт батга гаран буцаад хурдан намждаг.  

-Батгашилт: Өмнө нь огт батга гарч байгаагүй хэсэгт шинэ батга гаран, урт хугацааны турш эдгэрэхгүй байх.


Батга гарах түгээмэл шалтгаанууд юу байдаг вэ?


Дааврын өөрчлөлт

  - Сарын тэмдэг, жирэмслэлт, бэлгийн бойжилтын үед андроген даавар ихэсч, арьсны тослог ялгаралтыг нэмэгдүүлдэг.  Энэ нь нүх сүвийг бөглөж, батга үүсгэдэг.


Илүүдэл тосны ялгаралт

  - Арьс хэт хуурайших эсвэл зохисгүй гуужуулалтаас болж нүх сүв бөглөрч, батга үүснэ. Энэ үед гүний чийг болон зохистой арчилгаа хийх нь чухал.


Амьдралын хэв маяг

  - Хооллолт: Сүү, сүүн бүтээгдэхүүн, хэт их сахар, халуун ногоотой хоол хүнс батга үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ.  

  - Стресс: Кортизолын даавар тосны ялгаралтыг өдөөснөөр идэвхтэй батга нэмэгддэг.

  -Нойр: Нойр дутуу явах, цэнхэр гэрлийн туяа (гар утас, компьютер) арьсны шинэчлэлтийг удаашруулна.


Комедоген бүтээгдэхүүн

  - Кокосын тос, зарим нүүр угаагч зэрэг тостой, хүнд найрлагатай бүтээгдэхүүн нүх сүвийг бөглөж болно.  Иймд "Non-comedogenic” бүтээгдэхүүнийг сонгоорой.


Хүрээлэн буй орчин

  - Чийглэг, бохирдол ихтэй орчинд арьсны нүх сүв амархан бөглөрдөг. Гадуур гарахдаа арьсаа нарны хэт ягаан туяа, хүчтэй салхинаас хамгаалалах хэрэгтэй юм.


Орчны бохирдол

  - Гар утас, маск, дэрний уут зэрэгт хуримтлагдсан бохирдол арьсанд хүрэхэд батга үүсгэдэг.  Иймд арьсанд хүрч буй бүхий л зүйлээ тогтмол цэвэрлэж байгаарай.


Батгашилттай тэмцэх бяцхан зөвлөгөө

-Асуудал руу чиглэсэн идэвхтэй орц найрлагатай бүтээгдэхүүн ашиглаж байгаа бол арьсандаа дасгаж, багаас эхлээрэй. Ретинол, AHA/BHA зэрэг хүчтэй бүтээгдэхүүнийг долоо хоногт 1-2 удаа хэрэглэж, аажмаар нэмэгдүүлэх нь зохимжтой.

-Хөнгөн бүтэцтэй, нүх сүв бөглөдөггүй гүний чийг өгөх чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхээрэй.

- Батгашилттай тэмцэх идэвхтэй орц найрлага нь арьсыг хэт ягаан туяанд мэдрэмтгий болгодог тул SPF 50, PA++++ нарны тос хэрэглээрэй.

- Батгашилт 4-6 долоо хоногт намждаг тул өөрт тохирох бүтээгдэхүүнийг мэргэжлийн, туршлагатай нэгнээр зөвлүүлэн авч, тууштай тэвчээртэй хэрэглээрэй.

Бусадтай хуваалцах